Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

МУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ДАРХАН АВАРГА ДАРИЙН ДАМДИН

2016-02-18

“Дамдин аваргатай барилдахад хад чулуутай мөргөлдөх шиг санагддаг байсан” Л.Сосорбарам арслангийн ярианаас...

Энэ зууны дундуур тодорч төрийн их баяр наадамд ид хаваа гайхуулан дараалан тав түрүүлж байсан алдарт аварга Дарийн Дамдин 1931 оны хонин жил Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голд төржээ. ХХ зууны домогт их аварга маань ээж Дариараа овоглон монгол бөхийн түүхнээ мөнхрөх хувьтай байв.

Арван таван наснаасаа л Ханх, Цагаан-Үүр сумын хооронд шар тэргээр жин тээх, барилгын дүнз зүсэх зэрэг хатуу хүтүү ажилд идэвхийлэн оролцож эхэлсэн нь бяр сууж, тэнхээ ороход нь ихээхэн үүрэг болж чухам л ирээдүйн хэнд ч дийлдэхгүй их аварга болох үүд хаалгыг нээсэн гэлтэй. Гурван аваргын өлгий нутгийн хүү арван хэдхэн наснаасаа эхлэн сумын наадмын аманд гардаг болжээ. Гэхдээ хорин нас хүртлээ сумын наадамд гурваас илүү давж чадаагүй байв.  Цэрэгт явдаг жилээ сумын наадамд барилдахаар бэлтгэж хуучин даалимбан дээлээ угааж байтал ээж нь шинэ даалимбан дээл хийж өгчээ. Саарал давуун тэрлэг өмсөж бүрх малгай хэлтгий тавьсан Дамдин хүү гурав даваад даваа ханалаа гэж бодтол дөрвийн даваанд сумын сайн бөх Сандагтай таарч ганц дугтартал өвсөн түүдэг шиг өнхрөөд өгчээ. Тэр өдөр Дамдин хүүгийн гарт өртөх ганц сайн бөх байгаагүй гэлтэй түүртэлгүй түрүүлж 20 насандаа Монгол бөхийн эхний цол болох сумын зааныг хүртсэн байна. Үүнийхээ дараа Чандмань-Өндөр сумын наадамд мөн л Дамдин хүүгийн гараас барих хүчтэн байсангүй түрүүлж ихийн их бөхийн гараагаа эхэлжээ.

Удалгүй Улаанбаатарт цэргийн албанд татагдан ирсэн нь улсын томчуудтай гар зөрүүлэх сайхан боломж байлаа. Тэр оныхоо өвөл циркийн томоохон барилдаанд анх удаагаа барилдаж “Эсгий гуталтай гарч ирдэг ямар хачин бөх вэ” гэж үзэгчдэд хэлүүлж байсан ч уг барилдаанд үзүүрлэж  улсын томчуудын хараанд өртөж эхэлсэг гэдэг. Хойтон зун нь буюу 1952 оны улсын наадамд шууд зургаа давж долоогийн даваанд Чимэд-Очир аваргад унаж улсын начин цол хүртжээ. Энэ үеэс эхлэн Дамдингийн сэнжигнээс барих бөх ховор болсон юм. 1953, 1954 онуудад тав, зургаа давав. 1955 оны наадмын өмнө Дамдин түрүүлнэ,  эсвэл улсын заан болно гэж амтай бүхэн хэлж байлаа. Гэтэл хоёрын даваанд унажээ. Энэ нь аваргын хамгийн азгүй барилдаан байсан ба үүнээс хойш 29 жил барилдахдаа ийм дор даваанд унаагүй юм.

1956 оны улсын наадам. Өвөрхангайн С.Самданжигмэд, Г.Цоодол арслангууд, шинэ заан У.Мижиддорж, Д.Дамдин нар үлдэж хоёр арслан, хоёр заан хоорондоо барилдав. Дарийн Дамдин С.Санданжигмэд арслантай үзүүр түрүүнд үлдэж тун ч торсонгүй түрүүлжээ. Үүнээс хойш 1957 онд дархан аварга Ш.Батсуурийг, 1958 онд улсын арслан Ж.Чойжилсүрэнг, 1959 онд улсын арслан Ц.Бадамсэрээжидийг, 1960 онд улсын заан Ц.Гомбодоржийг тус тус үзүүр түрүүнд орхин 5 жил дараалан хэний ч аавын хүүд тахимаа өгөлгүй түрүүлж ардын хувьсгалын баяр наадамд шинэ амжилт тогтоожээ. 1961 оны наадмын баярын жагсаалд машин тэргэн дээр ёслол гүйцэтгэж явсан Дамдин хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж өндрөөс унан хөлдөө гэмтэл аван эмнэлэгт хэвтэв. Гэсэн хэдий ч бөх хүний тэвчээр зааж шууд цэнгэлдэх хүрээлэнд ирж барилдаад үзүүрлэжээ. Үзүүрлэсэн ч гэж яг тухайн наадмын бичлэгийг үзвэл өвдөг шороодоогүй байдаг юм. Үүнээс хойш улсын наадамд дахин түрүүлээгүй ч 5 удаа үзүүрлэж, 5 удаа их шөвөгт, шөвгийн найм, арван зургаад тус тус дөрөв үлдэж улсад 37 жил барилдаж 23 шөвгөрсөн алдарт аварга юм. 1959 оны улсын их баяр наадамд түрүүлэн даян аварга, мөн өдрийнхөө орой Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн барилдаанд 37 бөх тойргоор барилдахад нэг ч уналгүй 36 даван түрүүлж дархан аварга цол хүртэн Монгол бөхийн түүхэнд нэгэн өвөрмөц амжилт тогтоосон билээ.

Мөнхбат аваргын бөх багш гэгддэг Тангад гуай нэгэн цагт “Дамдингийн биед өчүүхэн ч хонхорхой байхгүй, мөн ч олон жил сайн барилдана даа” гэсэн нь биеллээ олж төрийнхөө их баяр наадамд жаран насыг давтал хүч үзсэн дээ.

Түүний өрөнгүүт дайрч хонгоддог дархан мэхэнд унаагүй өрсөлдөгч үгүй юм. Өөрийнх энэ суганд сэжиж хоёр талд хөл авдаг дархан мэхний талаар сурвалжлагч асуухад “Миний энэ мэх чинь манай сумын Гонгор зааны мэх шүү дээ, намайг багад манай багийн наадамд ирж барилдан өрсөлдөгч болгоноо энэ мэхээр орхиж байсан юм. Үүнээс хойш Уйлган голын хөвгүүд бид хоорондоо барилдахдаа энэ мэхийг хийцгээдэг болсон. Тэгж сурсан бүр багын маань унаган мэх юм” гэж дурссан нь бий. “Гарлаа давлаа” хэмээх хоёрхон үгээр илэрхийлэгдэж байсан энэ цуут бөх улсад үзүүрлэсэн тоогоороо тэргүүлдэг, шөвгөрсөн тоогоороо Баянмөнх аваргын дараа ордог, бөхөөс гадна циркийн сайн жүжигчин, хүндийн өргөлтийн спортын мастер, олон жил өөрийн орны рекордыг хамгаалсан алдартай тамирчин. Циркийн талбарт 850 кг өргөх үзүүлбэрийг олон жил үзүүлэн дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж байсан МУ-ын гавьяат жүжигчин, хөдөлмөрийн баатар.
Түүний таван хүүхдээс аавыгаа залгамжлан бөх болсон нь Монгол улсын гарьд Баяраа билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%